March 27, 2009

Хүнд битгий хэлээрэй

Posted by Д.Өлзий-Орших at 1:38 AM


Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Дашхүү манай сонины редакцид ороод ирэв.

Сайн байна уу, Дашхүү ахаа ? Та хэнийг хайгаа вэ?
Шог зохиолч Ш.Цэнд-Аюуштай уулзах гэсэн юм. Энд ажилладаг биз дээ ?
Тиймээ, Танаар сонин сайхан юу байна ?
Ш.Цэнд-Аюушийн зохиолоор хошин шоу хийх гэж байгаа юм. 
Хэзээ тэр вэ ? Нэрийг нь мэдэж болох уу ?
Одоохондоо бодож, ярилцаж л явна. Хүнд битгий хэлээрэй, нэрээ "алдчихна". Ер нь шоу маань "Хүнд битгий хэлээрэй" гэдэг нэртэй юмаа. Ингээд түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 

Хүүхэд залуучуудын театрт хэзээнээс ажилласан бэ?

Дагалдан жүжигчнээр 1970 онд орж байлаа. Тэр жил их олон дагалдан жүжигчин авсан. Тэр үед театрын үүдээр орохдоо хүртэл бэргэж айна. Жанчивдорж, Магсаржав нар миний түрүүн жил жүжигчин болцгоосон улс. Тэд толины өмнө хөндөлдөөд "За нэг сүрхий жүжигчин ирж байгаа юм биз дээ" гэдэг байлаа.

Танаас шалгалт авсан уу ?

Тэгэлгүй яах вэ. Найруулагч Ш.Вандансэнгээ, Х.Монголхан, ардын жүжигчин Д.Гэндэн, А.Очирбат багш, УГЖ Г.Энхтуяа үэрэг хүмүүс байсан. Этюд хийлгэнэ, бас анхаарал гээч юм үзнэ. Би архи гэсэн сэдвээр этюд хийлээ. Гэтэл дараа нь А.Очирбат багш "Чи архи уудаг уу?" гэж асууж билээ. Бодвол уудаг хүн шиг жүжиглэж чадсан байх л даа. 

Та архи уудаг уу?

Дөнгөж 21-тэй хүүхэд чинь юу боллоо гэж архи уух билээ. Одоо ч ууж сураагүй л явна. 

Тэр жил олон дагалдан жүжигчин авсан гэлээ. Яагаад тэр юм бол ? 

Түүнийг би яаж мэдэх вэ хө. Г.Нямгаваа, Б.Мөнхдорж нар хойшоо сургуульд явчихсан. Жүжгийн дүрүүд нь хоосон. Тэгэхэд би "Гэмшил", "Ромео Жульетта хоёр", "Хярааны хонхор", "Жирийн хүмүүс" зэрэг жүжигт тоглосон. Жүжигчнээр ороод удаагүй 45 хоног бригадаар явж, ажилдаа овоо дөртэй болоод ирсэн шүү.

Тийм дүр бүтээх юмсан гэж бодогддог уу?

Үгүй, бодож байсангүй. Ер нь жүжигчин хүнд роль оногдоно гэдэг их том зүйл. Чадаж байгаа нь л тоглоно шүү дээ. Би ямар ч байсан өнөөг хүртэл дүр байхгүй гэж суугаагүй.

Жүжигчдийн дунд дүрийн өрсөлдөөн их байна биз?

Байна аа, гэхдээ тэр бол уран чадварын л өрсөлдөөн. Тэгээд ч жүжигчин хүнд арын хаалга гэж байхгүй. Нэг дүрд гурван хүн сургуулиллаа гэхэд хэн чадсан нь, авьяастай нь л тэр дүрийг бүтээнэ. 

Та ямар дүрээ "Би бүтээсэн юм" гэж бардам хэлэх бол ?

Тайзнаа 100 гаруй дүрд тоглосон. Бүгдийг нь боломжийн бүтээчихсэн гэж боддог. Жижиг, том гэж ялгах юм байхгүй. Цөмийг нь бодож явж л бүтээсэн. Хүнтэй уулзаж байсан ч дотроо бодож л суудаг.   

Одоо ямар дүр бодож байна ?

Хошин шоуныхаа тухай л...

Та эмэгтэй, тэр тусмаа ааш муутай хадам эхийн дүрд олон тоглосон. Хэн таньд ийм дүр анх өгсөн бол ?

Манай театр жүжигчдийнхээ дунд хошин үзүүлбэрийн уралдаан зарладаг байв. Тэгэхэд би хадам ээжийн дүрээр уралдаанд түрүүлсэн. Түүнээс хойш энэ дүрд хэд хэдэн удаа тоглолоо. Гэхдээ хадам ээжүүд чинь сөрөг дүр л болохоос биш сүү шиг цагаан сэтгэлтэй ээжүүд байхгүй юу. 

Би жүжигчин болчихлоо гэж хэзээнээс анх бодогдов?

Ийм хүсэл л байдаг болохоос тэгж бодож байгаагүй. Бурхны зурснаар л явж байна. Би жүжигчин болсон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Харин үзэгчид, ард түмэн хүлээн авч байгаад баярладаг. 

Таны бодлоор сайн жүжигчин гэж хэн бэ ?

Ардын жүжигчин Д.Гэндэн, А.Очирбат, УГЖ Г.Энхтуяа, жүжигчин Ч.Авирмэд, Д.Цэндсүрэн гээд өөрийнхөө театраас нэрлэхэд олон байна аа. Бас залуу жүжигчид ч бий. Харин цалин бага болохоор олонхи нь өөр мэргэжил, ажил хөөгөөд хэдэн "дуртай" бидэн шиг нь театрынхаа үүдийг сахиад зогсч байна даа. 

Хүүхэд залуучуудын театр ойрд "чимээгүй" байх чинь ?

Засварт орчихсон л доо. 50 жил их засвар хийгээгүй гэсэн. Хэзээ дуусахыг нь дарга л мэднэ байх. 

Та драмаас "Бэрсүүт жүрж", "Ховор хүмүүс", "Шувуухай" зэрэг киноны гол дүрд тоглосон. Олонхи нь инээдмийн юм?

Нэмж хэлэхэд "Чимгээгийн төрсөн өдөр", "Туяагийн бичээгүй захидал", "Улаан дарцаг", "Хэцүү даалгавар" гээд арав гаруй кинонд тоглосон. Театрт ороход Очирбат багш "Чи инээдмийн талын хүн юм" гэж хэлж байсан шүү. Тэгээд ч голдуу инээдмийн дүрээрээ хүмүүст танил болох шив дээ. 

УГЖ Жанчивдорж та хоёрыг драмд инээдмийн хөтөлбөр бий болгосон гэдэг ?

Тэгэлгүй яахав. Одоо удахгүй "Элдэв зураг"-ийнхаа 20 жилийн ойг тэмдэглэхээр бэлдэж байна даа. 

Дашхүү хэзээ зодог тайлах вэ?

Үхэж байж л зодог тайлна даа.

Ярилцсан Ц.Энхмаа
Өнөөдөр сонин

0 сэтгэгдэл

Post a Comment