February 4, 2009

Гэнэн цайлган хүүгийн дүр бүтээхсэн

Posted by Д.Өлзий-Орших at 3:42 PM

Саяхан ХЗТ-ын хамт олон 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Энэ театртай амьдралынхаа 30 гаруй жилийг холбож яваа жүжигчин Г.Дашхүүтэй уулзлаа. Тэрбээр театр, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээжээ. 

Та энэ театрт өөрийн хүсэлтээр орсон уу, аль эсвэл ямар нэгэн хүн тус болов уу?
Би 1970 онд цэргээс халагдаж ирээд жүжигчин болохыг хүсч байсан болохоор театрт очиж шалгуулсан юм. Тэр үед ардын жүжигчин Очирбат, Гэндэн, гавьяат жүжигчин Энхтуяа нар байсан юм. Ардын жүжигчин Очирбат гуай анх намайг инээдмийн жүжигт тохирох хүн байна гэж хэлсэн юм. Тэгээд театрт дагалдангаар орж ажлын гараа минь эхэлсэн юм даг. Миний анхны багш Д.Төмөрбаатар "Тунгалаг Тамир" киноны Хуягт тоглодог хүн шүү дээ. Энэ театрт би 30 дахь жилдээ ажиллаж байна. Театр маань энэ жил 50 нас хүрлээ. Намайг төрөхөд театрын анхны үндэс суурь тавигдаж байсан юм. Түүнээс хойш өдийг хүртэл амьдралаа холбоод явж байна. 

Театртай амьдралаа холбоход хамт олон минь тусалж, дэмжиж байсан. Би тэднийгээ сэтгэлдээ хайрлаж явдаг. 

Таны тоглосон кино, жүжиг олон байдаг. Түүнээс хамгийн сэтгэлд нийцсэн нь ямар дүр гэж боддог вэ? 
Миний тоглосон кино жүжгүүдээс "Бэрсүүт жүрж" киноны хадам ээжийн дүр л сэтгэлд нийцсэн юм даа. Эрэгтэй хүн эмэгтэй хүний дүр бүтээнэ гэдэг амаргүй л юм билээ. Гэхдээ сайхан, цагаан сэтгэлтэй эх хүний дүрийг бүтээсэндээ би сэтгэл хангалуун явдаг. Хадам ээжийн дүрийг бүтээхэд олон хүмүүс тусалж дэмжиж байсан. Гавьяат жүжигчин Цэнд-Аюуш гуай дууг нь оруулсан юм. 

Кино, жүжигт тоглосон дүрүүдээс чинь харахад ихэвчлэн инээдмийн болон эерэг дүрд тоглосон байдаг. Амьдрал дээр ч та тийм л харагддаг?
Анх намайг шалгуулж байхад ардын жүжигчин Очирбат гуай намайг инээдмийн дүрд таарах хүү байна гэж хэлсэн юм. Төрийн шагналт Ванган, ардын жүжигчин Гэндэн, УГЖ Цагааны Цэгмид, Оюун багш гээд алтан үеийнхэн хүнийг сайн таньдаг, чадалтай хүмүүс байж дээ. Ер нь бид чинь хүүхэд шиг сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ. 

Нэг дүр бүтээхэд та ер нь хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ? 
Дүр бүтээхэд 2-3 сар, том дүр дээр жил ч ажиллах нь бий. Тоглолтын дараа үзэгчдийн алга ташилтыг сонсоод дүр минь хүмүүст хүрч гэдгийг мэддэг. Үнэхээр үзэгчид бидний багш нар, бид амьдралын оюутнууд юм даа. 

Ер нь хүний хүсэл хязгааргүй. Танд ийм л дүр бүтээхсэн гэж боддог дүр бий юу ?
Хүний хүсэл гэдэг зах хязгаар нь үл мэдэгдэх тэнгистэй адилхан юм даа. Хэрвээ би эргээд залуу болж болдог бол хүүхдийн гэнэн цайлган дүрийг бүтээх юмсан гэж боддог. Даанч хэзээ ч болохгүй юм даа. 

Хошин шоу тоглож буй жүжигчид нийгэмд ямар нэг хэмжээгээр байр сууриа эзэлжээ. Танд тэдэнтэй хамтарч тоглох, эсвэл бие дааж бүтээл хийх төлөвлөгөө бий юу ?
Би чинь хошин шогийн жүжигчдийн адил өөрийн гэсэн байр суурьтай хүн. Залуу үеийнхэн намайг тохирох дүрд урьж тоглуулдаг. Миний хувьд би өөрөө нийгэмд аль хэдийнээ орон зай эзэлчихсэн гэх үү дээ. Хамгийн ухаантай хүн хамгийн их хийморьтой байдаг юм. Хошин шогийн бид чинь нийгмийн амьдралын сайн, муу талыг олж шүүмжилж чаддаг хүмүүс.

Жүжигчин хүний хувьд өнөөгийн амьдралын дүр төрхийг та ямар дүрээр илэрхийлэх вэ?
Жүжигчид нийгмийг дүрээр илэрхийлдэггүй, харин хүний амьдралыг дүрээр илэрхийлдэг. Өмнө нь байгаа үйл явдлыг уран бүтээлчид нийгэмдээ зохицуулж хийдэг үе байсан. Харин одоо энэ бүхнээсээ бүгд татгалзаж байгаа. Хүн судлал хийдэг, хүмүүсийн амьдралд орж чаддаг хүмүүс бол жүжигчид юм. 

Та нэг л театртай хувь заяагаа холбожээ. Амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ? 
Би хойшид ч театртаа нэг насаа зориулна. Театр бол миний гэр юм, амьдрал хувь заяагаа холбосон газар юм. 

Энэ амьдралаа өөрчлөе гэж боддог уу? 
Одоо амьдралаа өөрчилнө гэдэг өнгөрсөн зүйл юм. Миний энэ амьдрал, уран бүтээлийг үр хүүхэд, хойч үе үргэлжлүүлнэ гэж боддог. Хэн нэгэн уран бүтээлчийн замыг нээж би өөрөө жүжигчин болсон ч юм билүү дээ. Би болоод энэ театрыг миний үр хүүхэд хойч үе минь үргэлж хайрлаж явах болно. 

Танай хүүхдүүд мэргэжлийг тань өвлөж байна уу?
Миний хоёр хүүхэд урлагийн сургуульд сурч байна. Галбаяр хүү маань СУИС-ийн найруулагчийн анги, Галбадрах маань Хөгжим Бүжгийн коллежийн хийлийн IV курст сурч байна. Эд маань ямар ч байсан мэргэжлийн сургуульд сурч байгаа болохоор аавынхаа мэргэжлийг залгамжилна гэдэгт итгэдэг.

С.Энхцэцэг
ҮНЭН сонин

2001-12-11
Дугаар 239

0 сэтгэгдэл

Post a Comment