March 20, 2009

Жүжигчин Дашхүү хүүхэд "индүүдсэн" хэргээр хадамдаа загнуулжээ

Posted by Д.Өлзий-Орших at 7:56 PM

Өрхийн бүртгэл : 

НӨХӨР : Г.Дашхүү УХЗТ-ын жүжигчин. Тус театрт 26 жил ажиллахдаа 80 гаруй дүр бүтээсэн. Хамгийн хайртай дүр нь анхны жүжиг "Улаан тэмдэг"-ийн Эрдэнэ, энэ оны бүтээл "Галзуу гурвалжин"-гийн хурандаа 1995 оны "Азтай бадарчин" тэмцээний Гоцлол дүрийн тэргүүн шагналт. Жил бүрийн инээдмийн баяраар голдуу авгай болж тоглодог байсан бол "Элдэв зураг-96"-д эмээгийн төөрөгт буусан. Ингэн ингэсээр өвөө болоод дуусах биз ээ хэмээн өөрөө ярьдаг. Кино дэлгэцнээ их бага нийлсэн хорь гаруй дүр бүтээсэн. "Соёлын тэргүүний ажилтан" хэмээх "араамандаа" багадсан цолтой нэгэн. 

ЭХНЭР : Ц.Цогзолмаа Улаанбаатарын усны гудамжны "унага" ч үндэсний хувцасыг оёх шиг оёдог эмэгтэй. Түүний урласан хантаазыг "Өглөө" кинонд жанжин Сүхбаатар өмсөж алтан фондод дүр нь үлдсэн. Монгол кино үйлдвэрт хорь гаруй жил оёдолчин, монтажчины алба хашсан. Өөрөөр хэлбэл торгоны хээ, кино зургийн "хээ" хоёрыг зүйж явсан нэгэн. 
ХАНИЛСАН ХУГАЦАА: 1974 оноос өдий хүртэл
ҮР ХҮҮХЭД : 3 хүү, 2 охинтой


Та яаж жүжигчин болсон бэ ?

Би чинь Баянхонгорын Богд сумын хүн шүү дээ. Өлзийтийн долоон жилийн сургуулийг төгсөж Архангайн ХАА-н техникумын малын эмчийн ангид орлоо. Өө тэгсэн чинь малын тэр олон ясны латин нэрийг цээжилж бардаггүй шүү. Тэхий дундаас нь хаячихаад нутагтаа давхиад очсон чинь "давахгүй гэсэн даваагаар 3 давна" гэхчээр малын санитар болчихдог байгаа. Зохиомол хээлтүүлэг мээлтүүлэгтэй ноцолдож хэдэн жил давхилаа. Дараа нь хотод цэрэгт ирсэн. Манайхан жүжиг тавиад, би тэгээд Тэгшээ баатрын дүрд тоглосон. Сургуулийн сумаар байлдана. Цэргийн ангийн жижигхэн клубт орсон хүн автоматны тэр айхтар дуунд яаж тэсч байсан юм бүү мэд. Тайзан дээр анх гарч буй нь тэр. Дараа нь хөгжмийн салаанд орлогчоор очлоо. "Аавдаа" дууг зохиосон Сугар гуай миний шадар дарга. 

Халагдах дөхөөд ирсэн чинь нэг л нутаг явмааргүй санагдаад. Урлаггүйгээр амьдарч чадахгүй нь ээ. Театрт шалгуулъя гэж бодоод ханандаа байдаг зурагт хуудасны дөрвөн мөр шүлгийг цээжиллээ. Ансамблаас татагдсан Цэгмэд гэдэг барабан тоглодог цэрэгт өнөө шүлгээ уншиж шалгуултал өө ингэж уншдаггүй юм гэж надад яахыг зааж өглөө. Гэтэл шалгалтаа өгч амжаагүй байтал нэг л өдөр тушаал уншиж Баянхонгорт аваачаад хаячихав аа. Намар нь ирж улсын комисст шалгуулж тэнцтэл шууд надад "Гуталчин хүү" жүжгийн гол дүрд хуваарилж хөдөө бригадаар хөөгөөд явуулчихав аа. Огт дасгал сургууль хийгээгүй жинхэнэ жүжгийн тайзанд ч гарч үзээгүй болохоор Жанчивдорж, Намсрайжав хоёроос л одоо яадаг билээ гэсэн чинь биднийг дагаад уйлаад бай гэлээ. Би яаж уйлж чадах вэ дээ өнөө хоёрыгоо дагаад худлаа л енгэнүүлээд гүйгээд байлаа. Төв аймгийн Зоргол хайрханы уурхайд анхныхаа тоглолтыг хийж байгаа нь тэр. 1970 он шүү дээ. Зунжингаа баахан аймгаар яваад ирсэн чинь бүр овоо урам орлоо шүү хөөе. Сүүлд Жанчив бид хоёр УБДС-ийн кино драмд шалгуулж тэнцсэн юм. 

Урлагийн бригад явна гэдэг бөөн онигоо бөөн адал явдал гэсэн биз?

Өө тэгэлгүй яахав. Төөрнө гэж нэг сайхан юм байна. Олон сараар яваад ирэхээр хөгшчүүл гэр орон, үр хүүхэд болохоо байлаа гэнэ. Бидний залуучууд яахав дээ ардаа татлаа түлхээ байх биш. Тэгж л тэнэж явбал сайхан. Ямар сайндаа буцах болохоор машин нь шаварт суугаасай гэж бодож байх вий дээ/инээлдэв/. Нэг газар машин эвдрээд суухад хүртэл баярладаг тийм хорлогоонтой хүүхдүүд байлаа шүү дээ бид чинь. Одоо энэ хэддээ санаа зовоод байдаг болчих юм. Нас намбаны ээлж ирж байгаа юм байхдаа. 

Хамгийн хөгжилтэй учрал яриач ?
Жанчив бид арай залуу нь болохоор арын суудал оногдоно. Хоёулаа бие биенээсээ өрсөөд шүлэг зохионо доо. Арын суудлын долоо гэж болдоггүйгээрээ бүр алдартай. Доод суудлын долоо байнаа хаа Донсолж явдаг болох байнаа хөө гээд л дуулна. 

Тэр долоод хэн хэн орох вэ? 
Балданпүрэв, Намсрайжав, бид хоёр, Төгсгөл киноны Лхаасүрэн бараг орж байсан байхаа, тэгээд гэрлийн техникч хоёр хүүхэд дээ. Донсолгоонд шидүүлээд ядарна ч, гутарна ч гэж байхгүй шүү дээ. Урд луухгарууд дээр театрынхнаа хамж шимж байгаад онигоонд оруулна. Бүгдийг хөлдөөж, үхүүлж, сансарт нисгэж, бүр баавгай, тарвага болгож үзнэ. Тэгж тэгж бүгд унтаад өгнө. Нэг нь сэрээд хашгирахаар галзуу улсууд шиг шуугилдаад эхэлнэ. 

Сүүлд Хэнтийн Хэрлэнбаянулаанд тоглохоор явж байтал нэг тарвага зам хөндлөн гараад жийж байна хөөе. Бүгдээрээ хөөгөөд бүслээд авчихсан чинь өнөө тарвага чинь цогнойгоод боксчин шиг өрөөд зогсчихсон. Тэгтэл нэг нь өшиглөөд алчихав. Цаашаа яваад бас нэг тарвага өшиглөж алчихаад орой нь боодог идсэн шиг жаргасан улс маргааш нь бүүр амташчихгүй юу. Хар айргийн зүг давхиж явтал бас л тарвага тарвага болоод явчихлаа. Хөөе жолоочоо түргэн хаалгаа онгойлгоочээ гээд л хашгиралдаж байна. Хаалга ч онгойтол тар гээд л явчихсан чинь нэг машинтай цагаан талд мөргөлдчихдөг байгаа. Хэрэв жолооч хаалгаа жаахан түрүүлж онгойлгосон бол завсар нь яг хавчуулагдаж үхэх байсан байна билээ. Манай автобусны урд тал будаа! Салхины шилнийх нь оронд тааран шуудайгаар бүтээчихсэн, жолооч нэг жижигхэн нүхээр шагайж явж Хар айраг орсон шүү. 


Хүүхэд залуучуудын театрын инээдмийн өдрийн хөтөлбөр Жанчивдорж Дашхүү хоёргүйгээр болж байсан удаа ер үгүй мэт. Та хоёр ер нь яаж инээдмийн төрөл рүү орж ирсэн юм бэ?

Инээдмийн өдрийг чинь анх манай театр л эхэлсэн юм шүү дээ. "Хонгорзул" гэдэг хамтлаг байгаад тарсан жилэээс жүжигчид өвөр зуураа бэсрэг номерын уралдаан маягийн юм зарладаг. Жанчив бид хоёрынх хэзээний болчихсон байдаг. Найруулагч нар ч энэ хоёрын юмыг түшээд хийчихье гэдэг болсон. Хориод жил хүн инээлгэв дээ. 


Та хоёр ноднин баг болж гараагүй юу?

Улсын театрт цалин багатай. Хоёул мөнгө хөөгөөд үзье гэж бодоод Бэсрэг театр байгуулаад энэ зунжин монголыг бараг туулав шүү. Тэгсэн чинь үйлийн лайтай амьтад театраа санаад болдоггүй. Жанчив 30, би 26 жил энд ажилласан юм чинь бүр дурласан хүүхэн шиг болчихгүй юу. Мөнгөнөөс илүү хамт олон гэж байдаг юм байна. 

Та хоёрын адал явдал гэж барагдахгүй биз?

Адгийн наад зах нь агсам тавихаас эхлээд юу гэж барагдах вэ дээ. Тэр жил Увст бригадаар явлаа. Манайхан Цэдэнбал даргын хөшөөг үзнэ гээд л явцгаасан. Төдөлгүй Жанчив маань согтуу орж ирээд л Хөвсгөлийн Галтынхан надад алтаар хөшөө босгоно. Баянхонгорын Богдынхон бол чамд шавар ч шовойлгохгүй гээд л агсамнах нь ээ. Социализмын үед нэг л пакталбал дагалдан магалдан болоод баларч байгаа юм чинь. Би хаалгаа түгжиж аваад л за хөгшин агсам тавиад бай гэтэл Үгүй би унтлаа гээд унаад өгөв. Тэгсэн чинь манай хүн Цэдэнбалын хөшөөг мялааж зогсохдоо өөртөө хөшөө босгуулахсан гэж бодож л дээ. Ха-ха...

Өмнөговьд явж байгаад Жанчивийн дүүгийнхээр ортол шил юм өгч байна. Жанчив ч лааны гэрэлд мөнгөн аяганд л өнөөхийгөө тонгойлгосноо үгүй энэ чинь ийм дүүрэн байсан юмуу халиачих шиг боллоо гээд асгачих вий гэсэн байртай зөөлөн гэгч дээш нь өргөхөөр нь сайхан цэлэлзэж байна даа надад түрүүлж өгөөсэй гээд өндөлзөж байтал муу зусарч туучий чинь заа бригадын дарга Вандансэнгээдээ гээд барилаа шүү. Тэгсэн Вандансэнгээгийн янзтай авч байгаа гэдэг юүхэв. Ханцуйгаа дугтарч байснаа цалгиахгүй гэсэн байртай зөөлөн гэгч хоёр гардаж аваад намжиртай нь аргагүй сэржим өргөөд жаахан шаргыг авч авч амандаа алгуур тонгойлгосноо хачин болоод явчихлаа. Би бүр наана нь тэсэж ядаад юун их тамшаалдаг юм гэж бодож байтал дахиад хоёрдохоо сайн тонгойлгосноо дүүрэн гэсэн чинь энэ чинь юу ч алга байна шүү дээ гэх нь тэр /бөөн инээдэм болов/

Сэржим өргөхдөө мэдээгүй юм уу?
Дүүрэн гээд итгэчихгүй юу. Жанчив тэндээс үгүй дүүрчих шиг л болсон юм даа гэж байнаа. Тэгсэн лааны гэрэлд аяганы амсар харааны шилтэй хүнд архи шиг цэлс гээд явчихгүй юу. 

Инээдмийн өдрөөр манай уншигчдыг хөгжөөчих өөр сонин юу байна ?
Бас л хөдөө Эрдэнэт ч билүү явж байгаад манай залуу жүжигчин нэг охинтой танилцаж л дээ. Тэгсэн буудлын жижүүр оруулахгүй байхгүй юу. Тэгэхээр нь Галсан ахыг /Сүхбаатарт тоглодог Галсанданзан/ дагуулаад орооч гэж гуйж л дээ. Галсан ах ч тэгэлгүй яахав ах нь дагуулаад оръё гэснээ жижүүрт за миний дүү энэ хүүхдийг аваад орлоо шүү гээд л орчихож. Өглөө нь Галсан ахад та гаргаад өгөөч гэсэн чинь мань эр жижүүр дээр очоод за дүү минь энэ хүүхнийг гаргалаа шүү. Ёстой гэртээ, авгай дээрээ байгаа юм шиг сайхан байлаа хөө гэсэн гэж байгаам /инээлдэв/. Өтөлж чадахгүй хаашаа хөгшин бэ гэж цаадуул нь бодсон байх даа. Ер нь ярьж болохооргүй айхтар айхтар юм их бий. 


Жүжигчин ч гэлээ хүн л юм болохоор уй гашуу тохиолддог л байх. Дуучин эмэгтэйн хүүхэд нь нас барчихаад байхад тайзан дээр инээмсэглээд л гарах болдог тухай оросын нэг яруу найрагчийн шүлэг байдаг. Ийм хэцүү үе тохиолдоно биз ?
Өө байлгүй яахав. Уржнан манай аав үдийн 12-ын үед өнгөрчихөөд байхад орой нь тоглолтонд дуудаж байна. 

Тэр нь аягүй бол эмгэнэлтэй ч юмуу уянгын дүр байгаагүй биз? 
Бүтэн сайн өдөр, хошин шогийн тоглолттой байсан юм. Гэхдээ би очоогүй л дээ, тоглолт болоогүй байхаа. Би гол рольд нь байсан юм чинь. Аав, ээж нь, хүүхэд нь нас барчихаад байхад тоглож байсан түүх манайханд бий. Жүжигчний мэргэжил хэцүү шүү. 

Хүнийг инээлгэх, уйлуулах хоёрын аль нь хүнд вэ ?
Инээлгэх байлгүй яахав. Гэхдээ зүгээр л цагаан инээд биш. Үнэн сэтгэлийн инээд, сүүлд нь бодоход ухаан суулгах, магадгүй эмгэнэх инээд. 

Өөрсдөө шог санаагаа олоод инээх үү ?
Жанчив бид хоёр чинь гудманд тувт л инээж явна. Нэг санаагаа цааш нь фантаазалж ярихаараа бүр нулимсаа гартал хөхрөлдөнө гээч. Ер нь нэг юм хийхээрээ өөрсдөө үхтлээ инээж дараа нь олонд зүгээр тоглоод явчихаж байгаам. 

"Галзуу гурвалжин" эмгэнэлтэй мөртлөө инээдэмтэй сайхан жүжиг. Таны бүтээсэн хурандаагийн дүр их сонин болсон ? 
Зохиолд хурандаа гэсэн дүр ерөөсөө байгаагүй юм. Б.Лхагвасүрэн жүжгээ гурван хэсэгтэй байхаар бичихгүй юу. Ц.Төмөрбаатар найруулагч бид нар түүнийг нь нийлүүлээд нэг болгочихсон юм. Ер нь дан зохиолчийн хэлнээр л хийчихвэл юуны жүжиг болох вэ дээ. Гол нь Лхагвасүрэнгийн хэлэх гэсэн санааг ойлгоод л түүний зохиолдоо хэлээгүй толгойд нь үлдэж хоцорсон бодлыг дүрээр гаргаж тавих юм шүү дээ. Жүжгийг ид сургуулилж байтал манайхны нэг "галзуу" хөөе хурандаа гэж дуудахгүй юү. Тэгээд л хурандаа болчих нь тэр. 

Уг нь хурандаа болох гэж мөрөөдсөөр галзуурчихсан гээгүй ч цэргийн хүний дүр зохиолд байсан юм байгаа биз дээ. 
Үгүй огт байгаагүй. Жанчив бид хоёрыг энэ жүжигт тогло гэсэн дүрээ аваад, би яаж галзуурсан байх вэ хүнд юу хэлэх вэ гэж бодсон ...

Төрийн далбааг мандуулдаг өнөө бяц гишгэгдсэн хүүхдийг бүтээдэг жүжгийн оргил хэсэг хэн хүнд маш их юм бодуулсан ? 
Аливаа эмгэнэлийн цаана инээдэм, инээдмийн цаана асар том эмгэнэл байдаг. Хүн эг маггүй инээгээд байгаа мөртлөөө яг эсрэг талаар нь бодоход аймшигтай эмгэнэл байж байдаг. Төрийн далбааг мандууллаа, харин буулгахдаа тугийг яахав... Орондоо эвхээд тавьчих утгагүй. Би энэ тугийг яаж хадгалах вэ? гэж жүжигчин хүн бодож байгаам. Тэгээд цэрэг малгайдаа эвхэж хийгээд яваад байлаа... яваад байлаа. Тэгсэн хүүхдийг дэвсчихээд дараа нь тэвэрч байдаг хэсэг дээр гэнэт надад туг бодогдоод явчихгүй юу. Өнөө тугаа гаргаж ирээд хүүхдийг бүтээчихмээр санагдаад болдоггүй. Төмөрбаатар найруулагчдаа яахав бүтээчих үү гэтэл тэг тэг гэнэ. Тал талаасаа ингэж сэтгэл тавьсны хүчинд гайгүй бүтээл болсон юм байхаа олны амыг хараад байхад.

ГУРАВ. Дашхүүгийн эхнэр

Дашхүүтэй анх танилцахад хэл ам нь гүйцэгдэхгүй ийм марзан залуу байсан уу? 
ЭХНЭР: Хөдөөний юм чинь юу гэж марзан байх вэ. Би бол харин Улаанбаатарын усны гудамжинд өссөн энэний дэргэд гал амьтан байхгүй юү.
НӨХӨР: Манай театр "Кибальчиш хүү" гэдэг жүжиг тавихгүй юу. Гол рольд би тоглох болоод Цогзолмаа тэгэхэд дөнгөж араваа төгсчихөөд кино үйлдвэрт оёдолчин хийж байсан юм. Гол дүрийн хувцасыг /зургийн цомог үзүүлэв/ оёх гэж ирээд тэр нь би юм чинь тэгээд л танилцахгүй юу. Далан дөрвөн онд гэрлээд одоо төрсөн ганц авгайтай явна даа хөө. Ха...ха..
ЭХНЭР: Би кино үйлдвэрээс оёдлынхоо машиныг ачаад ирсэн чинь Дашхүү Хүрлээ хоёр яг хаалган дээр таараад намайг оруулж өгсөн..

СУРВ : Амралтад чемодан тосдог шиг юм болж л дээ. /инээлдэв/ Дашхүү хайраа яаж зарласан юм ? 
ЭХНЭР : Аа энэ их өөдгүй хүүхэд байсан /инээв/ Их ичимхий хөдөөний...
НӨХӨР : Би бүр учраа олдоггүй, яах вэ гэж байтал бригад явах болчихгүй юу. 

СУРВ : Ид гэрэл цохичихоод байтал ?
НӨХӨР : Харин тийм яг гэрэл цохичихоод ерөнхийдөө дурлах аядаад байтал. Бишээ аядаагүй жинхэнээр нь дурлачихаад /бөөн инээдэм болов/ тэгээд Намсрайжавдаа л хөгшин чинь энэ хүүхэнд үхэж байнаа. Одоо яахав гэтэл. За юу ч гэсэн захиа бичээдхэе гэнэ. Намсрайжав ч яахав дээ тэрэндээ мастер хүн. Хаха. Өө надад хэл бичүүлж байгаа гэдэг ч мундаг байнаа /инээлдэв/ Тэгээд өнөө захиагаа оёдлын машиных нь шургуулганд хийчихээд яваад өглөө. 

СУРВ : Тэгсэн ямар юм биччихсэн байна энэ нөхөр ?
ЭХНЭР : Эднийг чинь театрт үлдэж байгаа бүх хүн гаргаж өглөө. Би гадны хүн, тэгээд бас ичээд байсан болохоор ганцаараа суугаад үлдэх гэсэн чинь хүүхнүүд намайг шордоод гадаа үүдэн дээр гарч бригад гаргаж өгчихөөд юмаа оёх гэсэн чинь машины челнок байдаггүй. Дээгүүр доогуур нь баахан хайснаа машиныхаа нүдийг татсан чинь харин дотор нь ... /инээв/

СУРВ : Өнөө захиан дээрээ тавьчихсан байдаг ?
НӨХӨР : Намсрайжавын хашраараа хийж байгаа ажил /инээлдэв/ Уг нь энийг чинь Элбэгсайхан эхэлсэн юмаа. Наадмаар урлагынхан жагсдаг байлаа шүү дээ. Тэгсэн жагсаал дээр л Элбэгсайхан намайг нэг их уран, бас хөөрхөн охинтой танилцуулах юм боллоо. Дагаад очсон чинь шальтай ч юм биш байнаа /Ха, ха/ Тэгээд л орхичихлоо. Тэгсэн үйлийн үр чинь миний жүжгийн хувцсыг оёх болохгүй юу. 

СУРВ : Залуу гэр бүлд сургамжтай учрал яриач ?
НӨХӨР : Манай хоёр дахь охин манцуйтай. Би наана нь маасганаж байгаад подушкан чихэр аманд нь унагаачихваа. 

СУРВ : Ямар чихэр гэнээ? 
НӨХӨР : Яагаав подушкан чихэр ?
ЭХНЭР : Мамбсай.
НӨХӨР : Тийм тийм мамбсай мамбсай... Тэр чинь ийм жижигхэн шүү дээ. Би аманд нь унагаачихсан нь хоолойгий нь таглачихгүй юү. Хүүхдийн маань нулимс цийлэгнээд ирэхээр яадаг билээ гээд л нэг барьж гүйснээ хуруугаараа ам руу нь түлхтэл цаашаа яваад орлоо. Хүүхэд ч нэг юм амьсгаа авлаа. Тоглуулахдаа тун мэдмээр юм билээ. 
ЭХНЭР : Нэг удаа хүүхдийн эрээн булчинд горчичник тавиад. Тэгсэн өнөө хүүхэд чинь шөнөжин уйлаад болдоггүй ээ. Задлаад үзтэл мань эр авахдаа нэг горчичник үлдээчихсэн нь бөгсөн дээр нь очоод наалдчихсан байхгүй юу. Өглөө ээжид хүүхдээ хүргэж өгтөл өнөөхийг чинь үзээд та нар хүүхэд индүүдлээ гэж загнаад. Нээрээ яг л индүүний ором шиг түлчихэж ээ. Манай хэдэн хүүхдийг ээж л өсгөсөн. Хүүхдээ хөлд орсныг ч бид мэдэхгүй явж байгаад ээжид загнуулж байсан юм чинь. 

СУРВ : Нийгмийн харилцаа өөрчлөгдсөнөөр танай гэр бүлд ямар өөрчлөлт гарав ?
НӨХӨР : Бид хоёр яахав байдгаараа л байна. Харин хүүхдийг маань улс тэжээдэг байсан бол одоо өөрсдөө тэжээх цаг иржээ. Манай таван хүүхэд бараг бүгд төлбөртэй сургуульд явж байна. Хоёр том нь ТИС-д оюутан. Гуравдах нь Таеквондогийн төлбөртэй секцэнд явдаг. Гадаад дотоодын тэмцээнд ороод мөнгө зардал хэрэгтэй болж байна. Дараагийнх нь хөгжим бүжгийн коллежийн хийлийн 6-р анги, отгон охин 54-р сургуулийн солонгос хэлний анги. Миний баяждаг дүүрч өөрсдөө сурч чаддаг л юм бол хүүхдүүдээ л боловсролтой болгох гол зорилт. Намайг хүмүүс их баян л гэж бодоод байх шиг байгаам. Эхнэр маань таван хүүхэд төрүүлсэн учир тэтгэвэртээ. Одоо харин лангуу авсан. 

ЭХНЭР : Манай хүүхдүүдийн сурлага нь харин гайгүй шүү. Ууган хүү маань хотын математикийн олимпиадын аварга байлаа. Өөрөө  л явсаар байгаад дунд сургуулиа онц төгсөж одоо ТИС-н компьютерийн программчийн гуравдугаар дамжаанд бас онц сурч байна.

СУРВ : Элсэлтийн шалгалт өгөхөд аав нь жаахан гүйсэн үү үгүй юу?
ЭХНЭР : Юу, бүр хөдөө бригадаар явж байсан гээд бодчих.  Би эмнэлэгт хэвтчихсэн. Ямар сайндаа миний хүү өнчин хүн шиг санагдлаа гэж байх вэ. Шалгалт өгөөд гараад иртэл бүх хүүхдийн аав ээж машин унаа, хоол цайтай амдаж зогсоход би ганцаараа байсан гэж эмнэлэг дээр очиж хэлэхээр нь би уйлж байгаам. Ноднин охиныхоо шалгалтад бид хоёр учиргүй их бэлдвээ. Өглөө нь такси аваад л явсан чинь хамаг бичиг баримтыг нь гэртээ мартчихсан байдаг байгаа. Бид хоёр яахав дээ гадаа нь хий л хараад зогссон. Ахынхаа нөлөөгөөр гайгүй сурлагатай байсан болохоор бас өөрөө орсон доо. 
НӨХӨР : Мань мэтийн амьтныг оруулахгүй хаалгаа тас хаагаад л гүйцээ юм билээ, тэр конкурс гэдэг чинь. 
ЭХНЭР : Аавын идэвх зүтгэл орсон хүүхэд манай отгон доо. 
НӨХӨР : Энэ нөхөр их өөрийн бодолтой. Цэцэрлэгт байхад багш нь дуул гэхгүй юу. Би дуулж чадахгүй гэж. Чи жүжигчний хүүхэд байж яагаад дуулдаггүй юм гэхлээр аав жүжигчин болохоос би жүжигчин биш гэсэн гэж байгаам. Хаха.
ЭХНЭР : Урлаг, соёлынхон гэдэг чинь худалдаа санхүүгийн улсыг бодвол өөрийгөө бус дандаа өрөөлийг, нийгмийг бодож явдаг сайхан ариун сэтгэлтэй хүмүүс байдаг. Эхний гурван хүүхэд төрөхөд Дашхүү ерөөсөө байгаагүй юм шүү дээ. Ямар сайндаа дөрөв дэх хүүгээ амаржих газраас авахдаа, пөөх хүүхэд чинь ийм том гардаг юм уу гэж манай аав ээж хоёрыг инээлгэж байх вэ дээ. Эхний хүүхдээ гаргах гэж өвдөж 10 хоноход энэ маань овоо хүлээгээд байсан чинь Соёлын яам төлөвлөгөө тасарлаа гээд хөдөө хөөгөөд явуулчихсан. 
НӨХӨР : Дөрөв дэх хүүгээ би бараг өөрөө эх барих шахсан юмаа. Энэ маань гэнэт өвдөөд хүүхдийн толгой цухуйгаад ирэхээр нь би гараараа таглачихаад энийг чинь өргөсөн чигтээ 1-р төрөхийн шатаар дээшээ гүйчихсэн. Сандарсандаа хүч орчихгүй юу. 
ЭХНЭР : Танай нөхөр чинь чамайг бандан сандал дээр хэвтүүлж хувцсыг нь шувт татаж авснаа өнөө сандалтай нь цуг төрөх орон дээр тавагтай юм хөмөрч байгаа юм шиг хөмөрчихсөн гээд л эмч нь сүүлд шоолж байсан. Манай таван хүүхэд бүгд таван буудлын тэр театрын байранд гарсан шүү. 
НӨХӨР : Өлзийгөө өгсөн тэр байшинд урлагийнхны олон үе өсөж өндийсөн дөө. 

СУРВ : Мэргэжлийг чинь  залгамжлах хүүхэд бий юу ? 
НӨХӨР : Дунд хоёрыгоо л магадгүй гэж боддог юм. Одоо тэр таеквондоод яваад байгаа хүү чинь "Цахилж яваа гөрөөс" кинонд тоглосон юм шүү дээ. Дараагийн хүү хөгжимчин болно. За миний хүү энэ ахдаа нэг ая тоглоод өг. 

Хүүгийн гарын аясаар эгшиглэх сэтгэлийг ариусгам цэнхэр аялгуу өрөө дүүрэн уянгалахуй Дашхүү, Цогзолмаа хоёрын нүд жаргалын хөгөөр хөглөгдөж хөглөгдсөөр, уярлын нулимс мэлтэлзүүлэн үлдвээ.

Хөөрөлдсөн Л.Даваасүрэн

0 сэтгэгдэл

Post a Comment