March 20, 2009

Малгай тэсгээдэггүй хадам ээж ДАШКА

Posted by Д.Өлзий-Орших at 8:11 PM


"Их хотын гудамжнаа том сийрсэн малгай, цагирган ээмэг, цэцгэн хээ бүхий тод цэнхэр өнгийн даашинзаар гангарсан бүдүүн авгай хэн нэгнийг хүлээж цөхсөндөө ихэд бухимдаж буй бололтой байсхийгээд л ташаагаа тулаад эргэн харах нь сүрдмээр ч юм шиг. Хэдэн хормын дараа тортой ачаандаа түүртсэн хижээл насны туранхай эр сая нэг юм эхнэрээ гүйцэж ирээд барьж явсан зүйлээ газарт тавьж хөлсөө арчихчаан аятдал өнөө авгай тортой зүйлээс өргөлцөхийн оронд `Яасан удаан явдаг юм бэ. Салхидсан тэмээ шиг ийш тийш хараад явж өгөхгүй юм. Энэ халуунд чамайг хүлээсээр нүүр харлачихна байна. Хүүе наад байцаагаа эвтэйхэн аваад явчихаж чадахгүй байна уу. Өнөө муу минь байсан бол наад байцааг чинь амандаа боловч зуучихсан гүйж яваа даа` гэж ирээд л хашгичих дуу тэнгэрт хадав..."

Үүнийг уншиж суугаа таньд "Бэрсүүт жүрж" хэмээх инээдмийн киноны хадам ээжийн дүр санагдаад явчих вий. Театрын болоод кино дэлгэцнээ анх удаа эрэгтэй хүн хадам ээжийн дүрийг гайхамшигтай бүтээсэн жүжигчин бол Соёлын Тэргүүний ажилтан Г.Дашхүү агсан билээ. Тайз дэлгэцнээ олон арван дүрд хувилж тэрхүү дүр бүхнээрээ үзэгчдийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж явсан энэ эрхэм өдгөө бидний дунд алга.  Нөгөөтэйгүүр, Дашхүү гуайн уран бүтээлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсангүйгээр төсөөлөх эрхгүй. Өдгөө тэднийг хайрлан дурсдаг, сэтгэл зүрхэндээ тээж явдаг мянга мянган үзэгч фэнүүд нь өчигдөр орой "UB Palace"-ийн концертын их танхимд болсон "Элдэв зургийн эзэд" хүндэтгэлийн дурсамж тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ уран бүтээлээр нь дамжуулан эздийг нь дурссан. Харин бид Дашхүү хэмээх их айлыг өдгөө ч нүүр бардам авч яваа гэргий Ц.Цогзолмаатай уулзаж тэр эрхэм хүнийг дурсан ярилцлаа. Дашрамд дурдахад, Ц.Цогзолмаа эгч "Мандухай сэцэн хатан" киноны Алтжин хатны дээл уужийг урласан үйлчин бүсгүй юм билээ. Тэрбээр үйл мэтгэхийн зэрэгцээ киноны монтаж хийж сурсан хос мэргэжилтэй ээж ажээ. 

Дашхүүгийн үр удам эрүүл учраас үймүүлж байгаа хэрэг

"Эгч нь ярилцлага өгөх заваар тиймхэн л байна. Дөнгөж сая хүүгийнхээ хувцсыг сольж өгөөд ирлээ. Хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах ажилд гүйгээд сар гаруй гэрийн бараа харсангүй. Миний чадах юм гэж нэгээхэн ч үгүй болохоор чаддагаараа хоол хийж аваачиж л өгөх юм" гэсээр Цогзолмаа эгч биднийг зочныхоо өрөөнд тухлахыг хүссэн. Дашхүү агсан дэлгэцнээ амилуулсан дүрүүд шигээ тун ч инээдтэй эр байжээ. Нялх хүүхэд шиг малгай тэсгээнээ нэг байхгүй. Юм л бол малгайгаа алдчихлаа Цоозоо гэсээр орж ирнэ. Арга нь барагдсан гэргий нь малгайд нь урт уяа хийж өгч үзсэн ч нэмэр болоогүй байх юм. Л.Жанчивдорж гуайн тухайд ч мань хүнээс ялгаагүй хэдийнэ бээлийгээ гээчихсэн гараа халаасандаа хийчихсэн гүйж явна. Дашхүү гуай тайван гэхэд дэндүү. Хүүхдүүд нь толгой дээгүүр нь харайлган алдаж байхад сууж л байна. Цогзолмаа эгч үүнд нь дургүйцэж "Чи эцэг нь юм бол энэ хэдэн хүүхэддээ үг хэлж байгаач" гэхэд жишим ч үгүй суучихаад тэднийгээ унтаад өгөхөөр "Чи тэднийг юунд буруутгаад байгаа юм, Дашхүүгийн удам эрүүл учраас л ингэж зүггүйтэж байгаа хэрэг шүү дээ" гэх маягаар тэрүүхэндээ хоржоонтой үгээр амыг нь таглаж орхих жишээтэй. "Ингэхэд та хоёр хэрхэн танилцав. Дашхүү гуай танд шууд л таалагдсан уу" хэмээн хэрэгт дурлахад, Цогзолмаа эгч "Хүүхдийн театр, Кино үйлдвэр хоёрын хэлэлцээр биднийг танилцуулсан гэж хэлж болно. Тэр үед Кино үйлдвэр Хүүхдийн театрын жүжигчдийг урьж кинондоо дуу оруулдаг байсан юм. Гэтэл тэр хавар Хүүхдийн театр жүжигчнээ өгөхгүй манайд хүн хүч дутагдаад байна, тэгээд ч энэ жил хэд хэдэн хүүхэлдэйн жүжиг тавих учраас жүжигчид хувцас оёх ёстой хэмээн гүрийж л дээ. Тэгтэл манай дарга: Үүнийг шийдэх ёстой амархан, манайх оёдолчноо л явуулчихад л болох юм байна гэснээр нэг ёсондоо гэрээ хэлцэл байгуулж. Нөгөө оёдолчин нь би. Манай хүн намайг театрт ирсэн анхны өдрөөс л танилцах арга хайсан гэдэг. Удалгүй улсын баяр болж бид параданд жагсч явтал Элбэгсайхан ах намайг жагсаал дундуур хөтөлж гүйснээ `Энэ хүнтэй танилц` гэж билээ. Түүнээс хойш залуу улс юм хойно кино ший гэж гүйсээр 1973 оны намар театрын ажилчдын байранд гал голомтоо бадрааж ирэх жил нь анхны маань хүү төрж байлаа. Өдгөө манайх таван хүүхэдтэй, таван ачтай өнөр өтгөн айл болсон" гэв. 

Тэдний хүүхдүүд цэцэрлэг хийгээд хөгшчүүлийн буянд өсчээ. Цогзолмаа эгч нас тогттолоо эр нөхөртөө өглөө эрт босч цай чанаж өгч үзээгүй гэсэн. Сэрүүтээ л хоёулаа ухасхийн босч хүүхдүүдээ нэг нэгээр нь хувцаслаж том гурвыг нь Цогзолмаа эгч цэцэрлэг рүү, хоёр багыгаа Дашхүү гуай Хайлааст руу аваад гарч өгнө. Хавар болж урлагийнхан бригадаар явах болоход том жижиг долоон хүн хоёр чемоданаа барьсаар хоёр тийш салж наадмын өмнөхөн цугларцгаана. Энэ нь гэрийн эзэн байхгүй бол Цогзолмаа эгч хүүхдүүдтэйгээ аавынх руугаа нүүж оддог байсан гэсэн үг. 

Авьяас нь тодорсон зоотехникч

Дашхүү гуайн жинхэнэ мэргэжил жүжигчин бус зоотехникч юм байна. Архангайн техникумыг онц төгссөн мундаг эр төрж өссөн Баянхонгорынхоо Богдод очоод гурав ч хонолгүй цэрэгт явжээ. Гэхдээ цэргийн алба түүнийг малын хөлийн тоосонд дарагдахаас аварч жүжигчин болох мөрөөдлийн жигүүр хайрлаадхаж. Хаа нэг баяр ёслолын үеэр шог гараа энэ тэрд тоглож бас ч хүү үлээвэр хөгжмөөр хэвлүүхэн тоглох хүндэт харуулын байлдагчийг нөхөд нь жүжигчин бол гэж ятгасан төдийгүй шалгаруулж авдаг газрын хаягийг нь олж өгсөн аж. Цэргийн албаны хугацаа дуусахад мань хүн эцэг эхдээ хальт очиж золгочихоод хотын зүг буцаж одов. Тэр намар Хүүхэд залуучуудын театрт шалгуулахад мань Дашхүү тэнцэн дагалдан жүжигчин болсон байна. Удалгүй дагалдан жүжигчин хүү алтан үеийнхэнд тоогдож уран бүтээлийнхээ гарааг М.Шажинбатын "Улаан тэмдэг" жүжгийн Эрдэнээр эхэлж улмаар "Нэг ширээний хоёр" жүжгийн Батаа, Ч.Нацагдоржийн "Миний чин зоригт найз" жүжгийн Хар бамбарууш, А.Гайдарын "Кибальчиш хүү" зэрэг жүжгүүдэд гол ба туслах дүрийг бүтээжээ. 

Харин дэлгэцнээ хамгийн анх "Чимгээгийн төрсөн өдөр", "Туяагийн бичээгүй захидал" кинонд дурлалт хархүүгийн дүрийг бүтээснээс хойш "Хэцүү даалгавар" киноны `Багшаа У-г нь олох юм уу, Х-г нь олох юм уу` гээд зогсч байдаг Равжирын дүрээр өөрийнхөө ур чадварыг нээгээд зогсохгүй "Бэрсүүт жүрж"-ийн хадам ээжээр анх удаа эр хүн эмэгтэй хүний дүрд хэрхэн хувилж болдгийг тод томруун харуулан гайхамшигтай жүжигчин болохоо бататгасан гэдэг. Дашрамд дурдахад тун саяхан цэнхэр дэлгэцээр явсан дурсамж нэвтрүүлэгт мань хоёр цагаан сараар айл хэсч буй бололтой нэг нь хүзүүнээсээ малгайгаа зүүчихсэн, нөгөө нь бээлийгээ резинээр оосорлоод ханцуйгаараа унжуулчихсан хэсэг гардаг шүү дээ. Энэ бол өөрсдөөсөө жишээ авсан тоглолт аж. Гэхдээ тэрхэн хэсэг Цоозоо эгчид зориулсан сюрприз нь байсан ажээ. 

Өвдөг өвдгөө түшээд чимээгүй одсон андууд

Жааяагийн манай хоёрынх гэж хэнийх нь вэ гэмээр олон жил амь нэгтэй явцгаасан даа. Тэр ч утгаараа бие биеэ үгүйлсээр өвдөг өвдгөө түшээд чимээгүйхэн одсон байж мэдэх юм. Тэднийг уран бүтээл нэг хүн шиг болтол нь нааж орхисон хэрэг гэж Цоозоо тэднийгээ дурссан. Тэд гадаад төрхөөрөө тэс ондоо ч уран бүтээлээ туурвих болохоор нэгнийгээ харцаараа ойлгодог байжээ. Бас хоёулаа зураг авах хоббитой. Харин лаборатори нь Дашхүү гуайнх. Амралтын өдөр байсан ч Жааяа хаалга зөөлөн тогшсон атлаа "Энд ч нэг ажил байна, тэнд ч нэг ажил байна. Чи босоогүй л байна уу" хэмээн орилсоор тэднийд орж явчихна. Тэгээд л театрын зүг гарч өгөх вий. "Элдэв зураг" бол тэр хоёрын оюуны өмч. Өдгөө хэн ч нэрийг нь өөрчилж үл болох хүртлээ тэр хоёрт өмчлөгджээ. Ард түмэн өмчилж өгсөн хэрэг. Түүх сөхөх аваас Манай улс анх 1976 онд инээдмийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болж уран бүтээлчдийн дунд уралдаан зарласан нь "Элдэв зураг". Түүнд мань хоёр хадам ээж, хүргэн хоёрын дүрийг бүтээн тэргүүн байр эзэлсэн байна. Тэр нь яван явсаар эдүгээгийн хошиг урлагийн үндсийг тавьсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэхдээ тэд азтай аавууд. Монголын хошин урлагийн загалмайлсан эцгүүд үр хүүхдүүддээ авьяасаа хэрхэн өвлүүлсэн нь дурсамж тоглолтын үеэр анзаарагдаж байв. 

Дашрамд өгүүлэхэд, Дашхүү агсны таван хүүхэд бүгд дээд боловсрол эзэмшсэн агаад том хүү Старсофт ХХК-ны захирал Д.Өлзий-Орших, дунд хүү GO студийн захирал Д.Галбаяр нар аавынхаа андын хүү Ж.Жамьяандорж, Д.Сэнгэдорж нартай хамтран тус тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан байна. 

1 сэтгэгдэл

Anonymous  

Сайхан хүмүүс

January 30, 2011 at 10:04 AM

Post a Comment