Showing posts with label Г.Дашхүү. Show all posts

March 27, 2009

Өнөөдөр ТЕАТРЫН ӨДӨР

Posted by Д.Өлзий-Орших at 9:10 AM

3-р сарын 27
"Олон улсын Театрын өдөр"-г тохиолдуулан
хайрт аавдаа зориулан Монголын анхны жүжигчний блогийг нээв.




Энэхүү блог дээр зөвхөн аавынхаа уран бүтээлээс толилуулаад зогсохгүй цаашид монголын болоод дэлхийн театр, дэлгэцийн урлагийн мэдээ мэдээлэл, бодол эргэцүүлэл, хошин урлаг, драмын урлагийн талаар олон сонирхолтой бичлэгүүдийг оруулж байх болно.
Та бүхэн таалан соёрхоно уу...

March 1, 2009

Холбоо барих

Posted by Д.Өлзий-Орших at 11:48 AM



Та бүхэн энэхүү блогтой холбоотой асуудлаар 
бидэнтэй холбоо барихыг 
хүсвэл дараах хаягаар хандана уу...


Мэйл хаяг : olzii.orshikh@gmail.com 

January 26, 2009

Гончигийн Дашхүү

Posted by Д.Өлзий-Орших at 3:38 AM


Миний аав Дашхүү нь 1948 онд Баянхонгор аймгийн Богд сумын "Хоёр худаг" гэдэг газар малчин ард Ишжанцангийн Гончигийн ууган хүү болж мэндэлжээ. Аав минь 1970 онд цэргийн алба хаагаад Улсын Хүүхэд Залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орж насан өөд болтлоо энэ театрын төлөө зүтгэж, урлагт амь амьдралаа зориулсан жүжигчин хүн байлаа. 
 
Энэ театрт 30 гаруй жил тасралтгүй ажиллахдаа Д.Намдагийн "Зөгнөл" жүжгийн Галсанжав, Ч.Чимэдийн "Хүний санаа" жүжгийн Батжав, Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгийн эцэг, А.Островскийн "Авьяастан бишрэгчид" жүжгийн Костя, С.Жаргалсайханы "Диваажинд хүрэх зам", "Гоо сайхны мэс засал" жүжгүүдийн Хавсай, Даашка зэрэг 100 шахам жүжгийн гол ба туслах дүрд, мөн "Ховор хүмүүс", "Газар шороо", "Бэрсүүт жүрж", "Хүлээх газар", "Хэцүү даалгавар" зэрэг олон кинонд тогложээ. 

1977 оноос насан өөд болтлоо жил бүрийн 4 сарын 1-ны "Элдэв зураг" хөтөлбөрийг өөрийн зохиосон хошин үзүүлбэр дээр үндэслэн тоглуулж, хошин урлагийг театрын тайзнаа бие даасан үзвэр болгоход гол үүрэг гүйцэтгэн, ард түмэндээ хайрлан хүндлэгдэн хошин урлагийн од болон гэрэлтэж байсан чадварлаг жүжигчин байсан. 

Аавын минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, "Алтан гадас" одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, бусад ойн медалиудаар шагнаж байсан ба өөрийн зохиосон хошин зохиолоор "Азтай бадарчин" наадамд оролцон нэг бус удаа тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. 

Аав маань тайз дэлгэцнээ бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчин болохоо нэгэнт харуулсан, хошин урлагт гүйцэтгэсэн үүрэг, бүтээсэн дүрүүдээрээ хошин урлагийн мастер од болсон ийм л жүжигчин хүн байлаа. 

Блог үүсгэхээр шийдэв

Posted by Д.Өлзий-Орших at 2:08 AM

Блог дээрээ бичлэг нэмж суугаад гэнэтхэн 2 сарын 1 болж байгааг анзаарлаа.

4-р сарын 1 болоход 2 сар үлджээ.

Жил бүр энэ өдөр хайрт аавыгаа маш их үгүйлэн санадаг бөгөөд аавынхаа гэгээн дурсгалд зориулан ямар нэг зүйл хийж байхыг хүсдэг юм. Учир нь миний аав Гончигийн Дашхүү болвоос ард олондоо "Хадам ээж"-ийн дүрээрээ хайрлагдан хүндлэгддэг хошин урлагийн нэрт мастер жүжигчин хүн байсан билээ.

Намайг бүр хүүхэд байх үеэс жил бүрийн 4-р сарын 1-нд Хүүхэд Залуучуудын Театрт "Элдэв зураг" инээдмийн хөтөлбөр тавигддаг байсан ба аав маань энэ хөтөлбөрийн зохиолыг бичин бэлдэж, өөрөө тоглодог байлаа. Энэ үеэр Хүүхэд Залуучуудын Театр олны хөлд дарагдаж, билет нь шаглагдаж, инээдээр цангасан хотынхон ёстой л нэг шавдаг байж билээ. "Элдэв зураг" тоглолтыг тоглох бүрт нь үзэж, үзэх бүрдээ элгээ хөштөл инээж, театраар сэлгүүцэн тоглож, олон сайхан жүжигчин ах эгч нарын өрөөгөөр хэсч том наадамд өөрөө оролцож байгаа аятай нэг л их баяр баясгалантай амьтан явдаг байж дээ.

Тийм ч учраас энэ өдөр бол миний амьдралын жаргалтай мөчүүдийг санагдуулсан сайхан өдөр, мөн хайрт аавыгаа дурсан санаж сэтгэлдээ гуниглах тийм л нэг өдөр билээ.

Урьд жилүүдийн энэ өдөр охид, хөвгүүд чинь аав таньдаа зориулан дуун суврага босгож , түүнийгээ дүрсжүүлэн сайхан клип хийж байсан бол энэ удаа таньдаа зориулан монголын анхны "Жүжигчний блог" нээхээр сэтгэл шулуудлаа ...

Ууган хүүД.Өлзий-Орших
Ууган охинД.Өлзийдэлгэр
Дунд хүүД.Галбаяр
Бага хүүД.Галбадрах
Бага охинД.Өлзийбаяр