March 20, 2009

Театрын бурхадыг дурсахуй

Posted by Д.Өлзий-Орших at 8:18 PM

Тэд маань зүрх зүрхээ мэдэрдэг байж

Найруулагч Ж.Сэнгэдорж : 

- Аавынхаа кинонуудаас алийг нь онцлон үзэх дуртай вэ ? 
- Хүний сайхан сэтгэл, Хачин хүн кинонд нь илүү дуртай. Хачин хүн кино тэр чигээрээ аавын амьдрал юм шүү дээ. 

- Аавынхаа юуг нь дуурайсан гэж боддог вэ ?
- Үрчлээг нь л дуурайсан юм болов уу (инээв). Бас хөгжилтэй занг нь авсан байж ч магадгүй. 

- Цэцэрлэгт явах дургүй байсан гэж түрүүн ярьж байсан л даа. Цэцэрлэгтээ дургүйнх биш, театрт очих гэсэн арга л байсан болов уу ?
- Аав цэцэрлэгт хүргэж өгөх гээд явахаар нумарч унаад чарлаад хэвтчихдэг байхгүй юу. Тэгээд аргагүйн эрхэнд аав дагуулаад ажилдаа очно. О.Бат-Өлзий ах, Ц.Төмөрбаатар ах нар л намайг өдөржин саатуулдаг байлаа шүү дээ. Дэлгүүрээс амттай юм авч өгнө. Тэд залуу байсан болохоор аав хүүхэд саатуул гээд орхичихдог. Театр дээр өдөржингөө л бужигнуулдаг байлаа. 

- Таны аавыг уур уцаар тун багатай хүн байсан гэдэг. Гэхдээ хоёр хүүдээ алганы амт үзүүлнэ биз ? 
- Би аавдаа загнуулж байгаагүй юм. Ах бид хоёрт гар хүрч ч байгаагүй. Нэг л удаа нэг их уурласан. Аав Москва яваад ирэхдээ сахлын машин авч ирдэг юм байна. Ажилдаа явсан хойгуур нь түүгээр оролдож гарав аа. Сахлаа авъя гэтэл хүүхэд юм чинь юу байх билээ. Тэгээд Жамъяансүрэн ахын хөмсгийг нь нөгөө машинаар авчихсан юм даг. Тэгэхэд л аав айхтар уурлан, ах хэдэн сар хөмсөггүй явсан даа. 

- Дашхүү гуайнхтай танайх ойр байсан уу?
- Манай хоёр чинь нэг байр, нэг орц шүү дээ. Тэднийх 2 давхарт, манайх таван давхарт байлаа. 

- Танай аавыг сайхан дуулдаг байсан гэж ярилцдаг ? 
- Маягтай дуулна шүү. Миний эх орны өглөө дууг дуулах их дуртай. Энэ дууг нь тоглолтон дээр дуучин Батмэнд дуулах юм. 

-Хоёр хүүтэйгээ шатар, даам нүүх үү ?
- Аав тоглоомонд ёстой муу. Хөзөр ч, шатар ч мэдэхгүй. Харин Дашка ах бол тоглоно шүү.

- Аль нутаг усны хүн бэ?
- Хөвсгөлийн Галт сумын хүн. Анх Төмөр замын техникумд суралцаж байсан юм. Дараа нь Дуурийн театрын найрал дууны ангид ажиллаж байгаад Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр орсон. Маркс Энгельсийн оройн дээд сургуулийг хүртэл төгссөн байдаг юм. 

-Хоёр аавынхаа нөхөрлөлийг дурсаж, уран бүтээлч хүүхдүүд нь тоглолт зохион байгуулж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Чиний бодлоор тэдний нөхөрлөлийн бат бэх холбоо юунд байв ? 
-Манай хоёр 30жил найзалсан хүмүүс. Тэд маань зүрх зүрхээ л мэдэрдэг байсан юм болов уу. Гайхамшигтай нөхөрлөлийг бүтээж чадсан хүмүүс гэж би боддог. 

-Маргааш болох тоглолтын онцлог юу вэ?
-Хошин шогийн хамтлаг продакшнууд оролцоно. Хоёр аавын тухай "Нөхөрлөл зохиосон андууд" дууг дуучин С.Жавхлан дуулах юм. Энэ дууны үгийг Ц.Бавуудорж, аяыг Т.Сэр-Од бичсэн. Тун удахгүй клиптэй ч болох байх. 


Сэтгэлзүйн дотоод галаараа нөхөрлөдөг байжээ. 

Go студийн захирал Д.Галбаяр:

Таны аав аль нутгийн хүн бэ ? Монголын урлагтай, тэр тусмаа Хүүхэд залуучуудын театртай амьдралаа холбох болсон нь хэдий үеэс юм бол ? 
Аав минь Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. Цэргээс халагдаж нутагтаа очсоны дараа жүжигчин болохоор хот руу явсан гэдэг. Далаад оны үе гэдэг байхаа. Тэгээд Хүүхэд залуучуудын театрт шалгуулж, дагалдан жүжигчнээс урлагийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 30 жил театртаа ажилласан. 

Элдэв зургийн эзэд тоглолтыг рекламыг харж байгаад, Г.Дашхүү гуайг гавьяат биш билүү гэж эргэлзсэн шүү. Гавьяатыг нь өгөхдөө яагаад ч юм "гар татсанд" харамсах сэтгэл төрдөг үү? 
Шагнал гэдэг бол манай урлагийнхны дунд тогтсон заншил юм л даа. Уг нь ард түмэн тэр хүнийг хийж бүтээснээр нь шагначихсан. Шагналтай шагналгүй Монголын ард түмэн бүгдээрээ танина. Тэгэхээр юунд нь ч харамсах билээ. 

Аавын мэргэжлийг өвлөж, урлагт тэмүүлж яваа хүүхэд танайд олон уу ?
Манайх таван хүүхэдтэй айл. Би дундах нь. Дүү маань СУИС-ийн хийлийн ангид сурч байна. Ер нь таван хүүхдээсээ урлагт чиглүүлсэн нь гэвэл би. Намайг "Хайрыг хайрла" жүжиг болон "Гарын таван хуруу ба цусны үнэр" жүжгийн Идэрийн дүрд тоглуулж байлаа. Мөн аав намайг өөрөө хөтөлж очоод "Цахилж яваа гөрөөс" киноны пробонд оруулсан. Өлзийхүү эгчийн хүү болж тоглодог тэр дүр шүү дээ. Гэтэл би багадаа огт өөр сонирхолтой хүүхэд байсан юм. Спорт хөөдөг. Аавын сонин хэвлэлд өгсөн ярилцлагыг сүүлд уншиж байхад намайг урлагийн хүн болно гэж бодож байсан юм билээ. Энэ нь намайг СУИС-д ороход маш том түлхэц болсон. 

Жүжигчнээр төгссөн үү? Энэ хугацаанд ямар нэгэн уран бүтээл хийж амжив уу?
Жүжигчин-найруулагчийн анги төгссөн. Төгсөөд хоёр жил болж байгаа жүжигчнийхээ чиглэлээр онц юм хийсэнгүй. Бас GO студийг байгуулаад захирлаар нь ажиллаж буй болохоор цаг зав ч бага байх юм. 

Аавын "амины хүүхэд" гэж айлд байдаг даа. Танайхаас ...
Үнэндээ аавын хайртай хүү нь би байлаа. Гэртээ бол би хамгийн хөдөлгөөнтэй нь. Манайх кино үйлдвэрийн зусланд гардаг. Киноны том том уран бүтээлчдийг харж, хүүхдүүдтэй нь тоглож өссөндөө бахархаж байдаг. Зун болохоор хүүхдүүд гадаа их тоглоно.  Аав ч надаас зугатаах шахам ажилдаа явдаг. Гэтэл тээр хол тоглож байсан хүүхэд нэг л мэдэхэд хөлөөс нь зуурчихсан чаргууцалдаж байдаг гэсэн. Тэгэхээр жаахан эрх байсан хэрэг шүү. 

Хүүхдээ хэр өмөөрөх вэ ? 
Өмөөрөх ч үгүй, загнах ч үгүй. Ер нь ухаанаар нь чиглүүлье гэж л боддог байсан байх. Аав бид хоёр эцэг хүүгийн холбоо гэхээс илүү, дотно анд нөхөд шиг харьцаатай байсан. Сайн эцэг хүүхдүүддээ найз шиг нь байдаг гэж үг бий шүү. Аав нэг их уурлаад, хатуу үг хэлээд, зодсон нь үгүй !

Аавыгаа дагаж кино зураг авалтад явж байв уу?
Аавтай цуг театрт л их очсон доо. Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажчинаар хорь гаруй жил ажилласан Ц.Цогзолмаа гэж хүн бий. Ээжийг даган кино үйлдвэрт ч очих дуртай. Аавын маань театр үнэхээр гоё театр байсан шүү.

Танай хоёр аав нэрээрээ хүртэл холбогддог юм шиг санагддаг. Яагаав нөгөө, аль нь билээ гээд андуурдаг шүү ээ ?
Нэрээрээ хүртэл холбогддог гэдэгтэй би санал нэг байна. Хоёр аавын нөхөрлөлийн тухайн ярина гэхэд би багадах биз ээ. Манай хоёр зан байдлын хувьд гэвэл өөр хүмүүс. Уран бүтээлийн хувьд ч өөр тоглолттой. Гол нь сэтгэлзүйн дотоод галаараа нөхөрлөдөг байсан юм болов уу. Тэр нь л нэг байсан юм болов уу гэж боддог. "Бид хоёр шиг гучаад жил үерхсэн хүмүүс байхгүй" гэж өөрсдөө ч нөхөрлөлөө бахархаж нандигнадаг байсан юм. Нээрээ л тэдэн шиг үерхэж, уран бүтээлээ хийж яваа хүн байдаггүй байх. 

Уучлаарай гавьяатыг өнгөрсний дараа аав тань маш их хүнд цохилтод орж, жаахан гундуу явах болсон гэж багагүй шуугисан л даа?
Аавын хувьд хэцүү л байсан, маш хүнд цохилтод орсон, ерөөс уран бүтээлийнх нь хувьд ч том гарз байсан. Аав маань найзыгаа хүндэтгэж , дурсгалд нь зориулан уран бүтээлийг нь үргэлжлүүлэхээр эрчимтэй ажиллаж эхэсэн. "Диваажинд хүрэх зам" жүжгийг сэргээн тоглосон. Сор.Жаргалсайханы "Гоо сайхны мэс засал" жүжиг дээр ажилласан. 2000 онд хамгийн сүүлчийн "Элдэв зураг" тоглолтыг зохион байгуулж, Жааяа ахын нэрэмжит болгосон. Найзынхаа дурсгалыг уран бүтээлээрээ хүндэтгэж байсан юм. 

1 сэтгэгдэл

Anonymous  

Saihan ulsuud baij dee

April 1, 2009 at 1:42 PM

Post a Comment